Гоо сайхан байх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Тэр дундаа олны танил, урлаг соёлын эрхмүүд эрүүл мэнд, гадаад төрхөндөө үргэлж анхаарах шаардлагатай болдог.
Meic.mn сайтын хамт олон тэдний сайхан харагдах нууцаас та бүхэндээ хуваалцаж байна. Энэ удаад олон сайхан дуугаараа Монголын ард түмэндээ танигдсан. дуучин А.Түмэн-Өлзийтэй цөөн хором ярилцаж эрүүл мэнддээ хэрхэн анхаардгийг нь сонирхсон юм.


Doctor MEIC: Эрүүл, өвчингүй байхад юу хамгийн чухал гэж боддог вэ?

А. Түмэн-Өлзий: Эрүүл байхад зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хамгийн чухал гэж боддог. Эрүүл мэнд гэдэг хувь хүний хамгийн том баялаг шүү дээ. Тийм болохоор идэвхитэй хөдөлгөөн, хоол хүнсэндээ их анхаардаг.

Doctor MEIC: Эзэгтэй хүний хувьд гэр бүлийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалдаг вэ?

А. Түмэн-Өлзий: Би гэр бүлээ тогтмол эмчийн үзлэг оношилгоонд хамруулдаг. Ер нь өвчин туссаны дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэх нь илүү чухал шүү дээ. Мөн дээр хэлсэнчлэн дасгал хөдөлгөөн, хоол хүнсийг эрүүл байхад чухал ач холбогдолтой гэж үздэг.

12670266_1085466208187422_8726430081427104503_n

Doctor MEIC: Өөрийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг хэр хангалттай гэж үздэг вэ?

А. Түмэн-Өлзий: Одоо үед шинжлэх ухаан, интернэт, олон нийтийн цахим сүлжээ хурдацтай хөгжиж байна. Хэрэгтэй, шаардлагатай мэдээллээ гол төлөв интернэтээс авдаг.

Doctor MEIC: Эрүүл, аливаа өвчин эмгэггүй байх нь гоо сайхантай шууд холбоотой шүү дээ. Гоо сайхандаа эрүүл мэндийн талаас хэрхэн анхаардаг вэ?

А. Түмэн-Өлзий: Гоо сайхан гэдэг эрүүл байхаас хамгийн их шалтгаалах зүйл. Би гадаад гоо сайхан гэхээсээ  илүү хүний дотоод гоо сайхан хамгийн чухал гэж ойлгодог. Бие эрхтний хувьд эрүүл хүн мэдээж гаднаасаа гэрэлтэж гоё сайхан харагдах ч гэлээ дотоод гоо сайхан, өөрөөр хэлбэл өөрийн санаа бодол, зан харилцаа нь зөв, сайхан биш бол хүн гэрэлтэж харагддаггүй шүү дээ. Миний хувьд урлагийн хүмүүс маш завгүй ажилладаг болохоор амралт, зөв хооллолт нь стрессгүй, эрүүл амьдрахад маш чухал гэж боддог.

Doctor MEIC: Таны ажил мэргэжил эрүүл мэндэд тань ямар нэг эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг үү?

А. Түмэн-Өлзий: Миний мэргэжил эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Яагаад гэхээр дуучин хүн амьсгалаа зөв зохицуулж сурсан байдаг. Зөв амьсгалах нь зүрхний үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг. Зүрх сайн байна гэдэг биеийн бусад эрхтэнд төдий чинээ сайн нөлөө үзүүлнэ шүү дээ. Хүн дуулж байхдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг нь ч эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Хамгийн гол нь би энэ мэргэжилдээ маш их хайртай, дуртай учраас миний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөггүй гэж боддог. Монголчууд маань ямар нэг өвчингүй эрүүл байхын тулд өөртөө цаг ямагт анхаарал тавьж өвчнөө эмчлүүлэх гэж биш өвчнөөс урьдчилан сэргийлэх гэж эмнэлэг зорьдог байгаасай гэж хүсч байна.